loader image
Skip links

Уул уурхайн биржээр зэс, молибдений баяжмал, бүтээгдэхүүнийг худалдана

     Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэс, молибдений баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Ингэснээр Монголын Хөрөнгийн бирж ХК-иар зэс, молибдений баяжмал, бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна.

Өнөөгийн байдлаар зэс, молибдений ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус үйлдвэрийн газар энэ онд зургаан аж ахуйн нэгжид 621.5. мянган тн зэсийн баяжмал, дөрвөн аж ахуйн нэгжид 6,240.0 тн молибдений баяжмалыг нийлүүлэх гэрээтэй аж.

Тогтоол батлагдсанаар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн болон молибдений баяжмалыг биржээр арилжих үүрэг хүлээнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өмнө байгуулсан гэрээг харгалзан үзэж тус үйлдвэрийн газрыг 2024 онд эхний ээлжинд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр таван хувийг арилжих чиглэл хүргүүлсэн гэж салбарын сайд Ж.Ганбаатар мэдээллээ.

 

Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/338584,

2024 оны 2 дугаар сарын 28ны өдөр