loader image
Skip links

Хайгуулын тусгай зөвшөөрлийн тендерийг цахимжуулав.

Тусгай зөвшөөрөл олгох үйл явц 2010 оноос хойш олон янзын хувилбараар явагдсан ч тусгай зөвшөөрлийг дамжуулан худалдах, ил тод байдал үгүйлэгдэхтэй холбоотой сорилт бэрхшээл оршсоор байна. Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Засгийн газар 2019 оны 7-р сараас эхлэн нэг жилийн хугацаагаар царцаасныг хэвлэл мэдээллээр дамжуулан зарласан. Энэ хугацаанд нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулахыг зорьжээ. Засгийн газар ийнхүү зарласан хэдий ч тусгай зөвшөөрлийг зогсоох тухай тогтоол гараагүй, Засгийн газрын албан ёсны веб хуудсанд ч энэ тухай огт дурдагдаагүй билээ.
Хэдий тийм боловч 2019 онд байгаль орчны шалтгаанаар 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарч, дараа нь хайгуулын болон ашиглалтын бүх тусгай зөвшөөрлийг хянан үзэх Ажлын хэсгийг Засгийн газар байгуулсан. Гэтэл энэхүү Ажлын хэсгийн ажил үүргийн тодорхойлолт (TOR) болон ажлын үр дүн олон нийтэд ил тод мэдээлэгдээгүй нь хөрөнгө оруулагчдад улам ч эргэлзээ төрүүлэх болсон юм. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хуваарилалтын журмыг хянан үзсэн байдаг. Энэ нь тус салбарт “эхэлж ирсэн нь эхэлж үйлчлүүлэх” зарчмыг хэрэгжүүлэх зорилготой биш, тендерийн шалгуурыг өөрчлөх асуудал байв. Өөрчлөлтийн төсөл 2019 оны 9 дүгээр сард боловсруулагдаж санал авсан бөгөөд өөрчлөлтийн талаарх хэлэлцээр УУХҮЯ, Хууль зүй, дотоод хэргийн яамны хооронд үргэлжилсэн билээ.

Хөрөнгө оруулагчид болон (тухайн үеийн) сайдын 2020 оны дугуй ширээний хэлэлцүүлгээс тухайн үеийн эрх зүйн орчинд хайгуулын үйл ажиллагаа явуулах, мэдээлэл цуглуулах ажиллагааг дэмжиж чадахгүйгээ онцлон дурдсаныг саная. УУХҮЯ-ны хүсэлтээр AMEП 2 хөтөлбөр дараалсан хоёр санхүүгийн жилд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тогтолцооны шинэчлэлийг дэмжих судалгаа шинжилгээ” 2020-2021 онд, “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тендерийн ажиллагааг цахимжуулах” төслүүдийг 2021-2022 онд тус тус хэрэгжүүлэв. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тогтолцооны шинэчлэлийг дэмжих судалгаа шинжилгээний төслийг анхандаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шинэ тогтолцоог Монгол Улсад тогтоох сонголтуудыг эрэлхийлж байгаа Ажлын хэсэгт зөвлөгөө өгөх зорилготой эхэлжээ. Судалгаа нь гурван хэсэгтэй: Монгол Улсын тусгай зөвшөөрөл олгож байсан тогтолцоонуудын үнэлгээ; Австрали улсын хоёр муж дахь хайгуулын тусгай зөвшөөрлийн тогтолцооны шинжилгээ; тусгай зөвшөөрөл хуваарилахад мэдээллийн технологийг хэрхэн ашиглах тухай судалгаа. Тус салбарын мэргэжилтэн нь Баруун Австрали ба Куинслэнд мужийн тусгай зөвшөөрөл олгох тогтолцооны талаар тайлан бичиж, Баруун Австралийн Уул уурхайн яаманд дээд албан тушаал хашиж байсан мэргэжилтнээр хянуулж, нэмэлт мэдээллээр баталгаажуулж бэлтгэсэн юм. Уг тайланд түрүүлж ирсэнд нь түрүүлж үйлчлэх тогтолцоог тодорхой, уялдаатай, ил тод зохицуулалт, шийдвэр гаргах ажиллагаатай хослуулан хэрэгжүүлэхийн давуу талыг тодотгосон.

Монгол, Австралийн тогтолцооны судалгааг Монгол Улсын Уул уурхайн сайд, дэд сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дээд албан тушаалтнуудад танилцуулж, нарийвчлан хэлэлцүүлсэн. Зөвлөлдөх үйл явц нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдсан тохиолдолд холбогдох журмуудыг боловсруулахад хувь нэмрээ оруулах, дүн шинжилгээ хийх AMEП 2 хөтөлбөрийн суурь болсон.
Монгол, Австралийн тогтолцооны судалгааг Монгол Улсын Уул уурхайн сайд, дэд сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дээд албан тушаалтнуудад танилцуулж, нарийвчлан хэлэлцүүлсэн. Зөвлөлдөх үйл явцын туршид, мөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдсан тохиолдолд холбогдох журмуудыг боловсруулахад хувь нэмрээ оруулах, дүн шинжилгээ хийх AMEП 2 хөтөлбөрийн суурь болсон.

Тусгай зөвшөөрөл, тендер шалгаруулах ил тод, нээлттэй, өрсөлдөөнт цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилготой Ажлын хэсэг 2021 онд УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албаны төлөөлөгчдөөс бүрдэн байгуулагдсан. Уг Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд дэмжин ажиллаж, Ерөнхий сайд энэ ажлыг үндсэн тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн тодорхойлсон юм. AMEП 2 хөтөлбөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хүсэлтээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тендерийн ажиллагааг цахимжуулах төслийг 2021-2022 онд хэрэгжүүлэв. Энэ ажлын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газрын ажиллуулдаг www.tender.gov.mn хаягтай тендерт оролцох веб хуудсанд дэд цэсийг нэмэлт програм бичилтээр оруулав. Мөн ажлын хүрээнд дэд цэсийг туршиж, засвар хийн шинэчилж, цахимжуулах ажилтай уялдуулав. Дэд цэс нь сонирхсон хөрөнгө оруулагчдад систем, түүний үйлчилгээнд нэвтрэх боломжийг бүрдүүлж, бизнес эрхлэхэд улам хялбар болгохын зэрэгцээ Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын төлөө Засгийн газрын хүлээсэн үүрэг хариуцлагыг дэмжиж байгаа юм. Веб талбар, цэс нь мөн тусгай зөвшөөрөл, тендерийн ажиллагааны үндсэн чиглэлүүдэд нэвтрэх үүд хаалга болжээ. УУХҮЯ-ны тусгай зөвшөөрөл олгох тендерийн цахим платформ нь 2022 оны А/67 тогтоолоор албан ёсоор батлагдаж, бүрэн ажиллуулж ашиглахыг зөвшөөрсөн билээ. Ийнхүү тендер, тусгай зөвшөөрлийн тогтолцоог цахимжуулсан талаар олон нийтэд ойлголт, мэдээлэл түгээх үүднээс AMEП 2 хөтөлбөр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран салбар, төрийн байгууллага, холбоо нийгэмлэгүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хэвлэл мэдээллийн 1,388 төлөөлөгчдийг оролцуулсан 3 удаагийн арга хэмжээ, семинарыг зохион байгуулав.

Түүнчлэн УУХҮЯ, ба Ашигт малтмал, газрын тосны газар томоохон үйл явдал, арга хэмжээ, төрийн санхүүжүүлсэн үйл ажиллагаанууд дээр цахим тендер, тусгай зөвшөөрлийн ажиллагааг сурталчилсаар ирснийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Засгийн газар цахим системийг сурталчлахдаа үндсэн салбар байгууллагууд болон компаниуддаа хүргэж чадсан. Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг, хувь нэмэр оруулж, цахим системийн талаар 13 хэвлэлийн хуудас, нийтлэл бичсэн билээ. Нийт 578,700 хүн тэдгээр нийтлэлийг уншсан гэсэн тооцоо бий.

Цахим систем нь тусгай зөвшөөрөл олгох хугацааг 35 өдрөөс 15 өдөр болтол богиносгосон нь чухал ач холбогдолтой. Ганц тендерийн ажиллагаанд захиргааны бичиг цаас 300-600 хуудас зарцуулдаг байсныг цахим дэлгэцнээ цөөн удаа дарах хүртэл хөнгөвчлөн хэмнэсэн ба өмнө 102 хүний гарын үсэг зуруулдаг байсныг цөөн цахим гарын үсэг болгож цомхотгосон. Түүнчлэн, тусгай зөвшөөрөл, тендерийн үйл ажиллагааг цахимжуулж онлайнаар хайгуулын эрх олгосноор улс оронд хөрөнгө, техникийн мэдлэг, мэдээлэл орж ирэх, итгэл бэхжих, хүнд суртал багасах, эрдэс баялгийн салбарын хувийн компаниудад бизнесийн эерэг орчин бүрдэх ач холбогдолтой. Компаниудын хувьд нэг цэгийн үйлчилгээгээр тусгай зөвшөөрөл авах боломж бүрдэж, цаашдаа удаан завсарласан, өмнө нь тусгай зөвшөөрлийн хориг тавигдсаны дараа дахин тусгай зөвшөөрөл авах бололцоог нээж байна. Геологийн мэдээлэл, тусгай зөвшөөрөл нь хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, энэ хоёр тогтолцоо нь одоогоор нэгтгэгдээгүй боловч өгөгдөл мэдээллээр харилцан дэмжилцэх нөхцөл бүрдсэн. УУХҮЯ-ны сайдын 2023 оны А/48 дугаар тушаалаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам” батлагдан 2022 оны 11 сараас эхлэн цахим тендэр зарлаж эхэлсэн билээ. 2022 онд 101, 2023 онд 373, 2024 оны 01 сард 25 цахим тендэр, нийт 499 тендэр зарлаж сонгон шалгаруулалт явуулаад байна. 2022 онд анхлан зарлагдсан цахим тендерийн хувьд, 18 аймгийн 64 сумын 100 байршилд зарлагдсан боловч 33 байршилд нь компаниуд хүсэлт ирүүлээгүй. Үлдсэн 67 байршилд 71 компани 217 хүсэлт ирүүлсэн бөгөөд 38 компани сонгогдсон юм. ”OG Development Mining” компани 9 байршилд хайгуулын эрх авсанчлан нийт 13 компани хэд хэдэн газарт зөвшөөрөл авсан байна. Засгийн газрын анхдагч төсөв 101 тусгай зөвшөөрөлд 2.3 тэрбум төгрөг байсан бол сонгогдсон компаниуд 67 байршилд 14.1 тэрбум төгрөг санал болгосон юм.

Эх сурвалж: https://www.amep.mn/news                                2024.03.13