——————————————-
Стратегийн зөвлөх үйлчилгээний CMM – Capital Markets Mongolia компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolia Investment Forum” буюу “Монголын хөрөнгө оруулалтын форум” нь Сингапурт нэг удаа, Нью Йоркт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж 6 өөр улсын 120 гаруй зочид төлөөлөгч, өндөр түвшний хөрөнгө оруулагчид нэ

г дор чууллаа.
Энэхүү форум нь Монгол улсыг гадаад улс дахь мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай холбох маш өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ бөгөөд 4-р сарын 28-нд болсон форумд дараах чухал үйл явдлууд болж өнгөрлөө.

Энэ удаагийн форумаар Монголын эрчим хүч, банк, санхүүгийн салбар, тогтвортой хөгжлийн санхүүжилт гэх мэт чухал сэдвүүдийг онцолсон бөгөөд Mongolia Investment Forum: New York 2025 үйл ажиллагааг нээж Нью Йорк хотын захирагчийн албаны Олон улсын харилцаа хариуцсан төлөөлөгч Эдвард Мермелштейн, МУ-ын Шадар Сайд Т.Доржханд, форумын зохион байгуулагч CMM компанийн глобал түнш StoneX Group Inc.-н Ерөнхийлөгч Чарльз Лион тус тус үг хэлж энэ удаагийн Mongolia Investment Forum: New York 2025 нь Монгол, Америкийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй үйл ажиллагаа хэмээн онцолсон юм.

Mongolia Investment Forum: New York 2025 нь үндсэн 6 илтгэл, хоёр хэлэлцүүлэгтэйгээр өрнөсөн бөгөөд хэлэлцүүлгээр Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломжууд, Өрийн зах зээл ба зээлжих зэрэглэл сэдвүүдийг тус тус онцоллоо.

Мөн энэхүү форумын үеэр Монгол Улсын Эрчим хүчний реформын Үндэсний хороо дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг UPC Renewables-тэй санамж бичиг үзэглэсэн түүхэн тэмдэглүүштэй үйл явдал боллоо. Тодруулбал Дундговь аймагт баригдах нийт 2,400 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төсөлд зарцуулах 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагааны санамж бичиг юм.

Форумын үеэр тохиосон өөр нэгэн онцлох зүйл нь форумын зочид Америкийн алдарт хөрөнгийн бирж NASDAQ-н төв оффисоор зочилсон явдал байв. NASDAQ-н зүгээс Монголчуудад баяр хүргэн зохион байгуулагч CMM – Capital Markets Mongolia болон ерөнхий ивээн тэтгэгч Golomt Bank-ны лого, Монгол улсын алтан соёмбот далбаатай дүрсийг Нью Йоркийн төвд байрлах алдарт Time Square-н дэлгэцээр гаргаж хүндэтгэл үзүүллээ.

Дэлхий дахинд худалдааны дайн өрнөж, хөрөнгө оруулалтууд эрс татарч байгаа энэ цаг үед уг форум энэ хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж гаднын хөрөнгө оруулагчдыг цуглуулж чадсан нь хөгжиж буй манай улсын хувьд өндөр ач холбогдолтой үйл явдал юм.
Арга хэмжээний ач холбогдол дан ганц форумаар хэмжигдэхгүйг өнгөрсөн хоёр хоногт болсон үйл явдлууд харуулж буй бөгөөд үр өгөөж, цар хүрээ нь олон улсын хэмжээнд Монгол улсыг таниулах, хөрөнгө оруулалтын боломжуудыг шинэ шатанд гаргаснаар илэрч байна.
Эх сурвалж: Mining.mn 2025/04/30