БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ “V” хэлбэрээр эрс сэргээд буй.
2025 оны эхний хагаст уналттай байсан Монголын Уул уурхайн биржийн нүүрсний арилжаа долоодугаар сард огцом сэргэж, арилжааны хэмжээ болон үнийн дүн аль аль нь сүүлийн 14 сарын дээд цэгтээ хүрсэн байна. Макро эдийн засгийн таатай нөхцөлүүд болон БНХАУ-Д нийлүүлэлт хумигдаж, эрэлт сайжирсан нь Монголын Хөрөнгийн Бирж дэх нүүрсний цахим арилжаа сэргэхэд дэмжлэг үзүүлжээ.
Үндэсний Их баяр наадмын амралттай холбоотойгоор арилжааны өдрүүдийн TOO цөөрснийг үл харгалзан өнгөрсөн сард Монголын олборлогч компаниуд 447 удаагийн дуудлага худалдаагаар нийт 2.86 сая тонн нүүрс амжилттай арилжаалсан нь өмнөх capaacaa 940 хувиар өссөн дүн болсныг МХБ болон Sxcoal-ийн мэдээлэл харуулж байна. Энэ нь сарын дүнгээр 2025 оны хамгийн өндөр идэвхтэй сар болоод зогсохгүй эхний зургаан сарын арилжааны өсөн нэмэгдсэн дүнг 22 хувиар давжээ
Монголын УУБ дэх нүүрсний арилжаа
Өнгөрсөн сард явагдсан нийт дуудлага худалдааны 72.45 хувь нь амжилттай болсон нь энэ онд харагдаагүй сайн үзүүлэлт байлаа. Харьцуулбал зургаадугаар сард нийт дуудлага худалдааны 18.38 хувь, тавдугаар сард ердөө 3.03 хувь нь амжилттай болж байсан юм.
Тайлант хугацаанд арилжаалагдсан нүүрсний 84 хувийг коксжих нүүрс бүрдүүлснээс гадна 99 хувийг нь Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой гэсэн хоёр компанийн нүүрс бүрдүүлжээ. Тодруулбал Тавантолгой ХК долоодугаар сард 1.81 сая тонн коксжих нүүрс зарж тэргүүлсэн бол Эрдэнэс Тавантолгой ХК 1.02 сая тонн нүүрс борлуулсны 56 хувь нь коксжих нүүрс байжээ.
Үнийн таатай мөчлөг
Нийлүүлэлтийн илүүдэл, макро эдийн засгийн тодорхойгүй төлөвөөс шалтгаалан эхний хагас жилийн турш “сэхэл аваагүй” БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ “V” хэлбэрээр эрс сэргээд буй.
Тус улсын эрх баригчид ган, коксны үйлдвэрүүдийн хүчин чадлын илүүдлийг бүтээгдэхүүн багасгах, эцсийн үйлдвэрлэгчдийн “үнийн дайн”-ыг зогсоож, үндэслэлгүй үнэ тогтоох байдлыг арилгах арга хэмжээгээ эрчимжүүлж эхэлсэн нь нийлүүлэлт талд анхааруулгын дохио болж, арилжаалагчид нөөц бүрдүүлэхээр яарснаар кокс болон коксжих нүүрсний фьючерс үнэ огцом өссөн байна.Сар хүрэхгүй хугацааны дотор Хятадын зах зээлд металлургийн коксны үнэ тонн тутамдаа дунджаар 250-275 юаниар өссөнийг Sxcoal онцолж байна.
Долоодугаар сард Ганцмод боомтод Монголын коксжих нүүрс тонн нь 86.23 ам.долларын дундаж үнээр зарагдсан нь өмнөх сараасаа 11 хувиар өссөн дүн аж. Оны эхний хагасын байдлаар Монгол Улсын БНХАУ-д экспортолсон коксжих нүүрс 24.75 сая тонноор хэмжигдэж, өмнөх оны мөн үеэс 16.21 хувиар доогуур байсан юм. Харин бусад төрлийн нүүрсийг оруулж тооцвол нийт 37.22 сая тонныг экспортолжээ.
Ийнхүү өнгөрсөн сард Монголын нүүрсний экспортыг макро эдийн засгийн таатай нөхцөл ивээсэн ч бүтцийн шинжтэй сорилтууд байсаар байгааг Ѕxcoal онцолжээ. Хэдий боомт, төмөр замын бүтээн байгуулалтаар экспортын биет хэмжээг нэмэх боломжтой болсон ч Хятад доторх нийлүүлэлтийн сүлжээ бүхнийг шийдэх юм.
Коксны болон гангийн үйлдвэрүүдийн худалдан авалт бодитойгоор сэргэж, боомтууд дээрх овоорол дорвитой буурч байж Монголын нүүрсний экспорт урьдын идэвхтэй түвшиндээ эргэн очих боломж нээгдэнэ. Харин богино хугацаандаа гэвэл есдүгээр сар, аравдугаар сард уламжлал ёсоор Хятадын нүүрсний хэрэглээ оргилдоо хүрдэг тул оны хоёрдугаар хагаст нүүрсний зах зээл эхний хагасаас хамаагүй дээр байх төлөвтэй гэж Sxcoal үзэж байна.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia 2025/08/12