Уур амьсгалын өөрчлөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг, хамгийн бохир түлш нүүрсийг түүхийн хуудсанд үлдээх талаар сүржин уриануудыг ойрын хэдэн жилдээ мартсан нь дээр болжээ. Учир нь дэлхийн нүүрсний эрэлт энэ онд 2024 онд бүх цаг үеийн дээд түвшинд хүрснийг шинэ судалгаа харуулж байна.
Үеэ өнгөрөөх болоогүй
2024 онд дэлхий дахины нүүрсний нийт эрэлт бүх цаг үеийн дээд түвшинд буюу 8.71 тэрбум тонн хүрэхээр байгааг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) энэ оны судалгааны тайландаа онцоллоо. Өнгөрсөн онд нүүрсний эрэлт 8.68 тэрбум тонн байсан бол энэ онд ийнхүү нэг хувиар өсөхөд гол түлхэц болсон хүчин зүйл нь дэлхийн эрчим хүчний эрэлт төсөөллөөс эрчтэй өссөн явдал аж.
Нүүрсийг хэдий үеэ өнгөрөөсөн түлш гэж тодорхойлж буй ч үнэндээ сүүлийн 30 жилд дэлхийн нүүрсний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэнийг дээрх судалгаанд дурджээ. Ингээд зогсохгүй таамаглаж болох ойрын ирээдүйд нүүрсний эрэлт үргэлжлэн өсөх төлөвтэй байна. ОУЭХА-ын тооцоолсноор 2025-2027 онд нүүрсний эрэлт эрс бус алгуур нэмэгдэж, улмаар жил бүр түүхэн дээд цэгээ шинэчилсээр байх аж.
Дэлхий даяар үргэлжилж буй эрчим хүчний шилжилт бол нэг ёсондоо бүх зүйлийг цахилгаанжуулна гэсэн үг. Үүнд шаардагдах эрчим хүчийг гаргах эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч байж болох ч одоохондоо цагийн шалгуурыг давсан түлш болох нүүрс л гол сонголт байгаа нь хоржоонтойг “Bloomberg”-ийн нийтлэлч Хавьер Блас бичжээ.
2024 онд дэлхий даяар шатах түлшнээс үйлдвэрлэсэн нийт эрчим хүч 10,700 тераватт/цаг хүрэх төлөвтэй нь мөн л бүх цаг үеийн дээд үзүүлэлт юм.
Хятадын шавхагдашгүй эрэлт
Цахилгаан автомашин, салхин турбин, нарны хавтангийн хэрэглээгээр тэргүүлэхийн хажуугаар бохирдуулалтаараа мөн дэлхийд тэргүүлдэг БНХАУ нүүрсний эрэлтийг дэмжих гол хүч болж байна. Тус улс 2023 онд дэлхийн нүүрсний нийт эрэлтийн 56 хувийг дангаараа бүрдүүлж, 4.8 тэрбум тонн нүүрс хэрэглэжээ. Харин энэ онд БНХАУ-ын эрэлт 56 сая тонноор буюу 1.1 хувиар өсөх төлөвтэйг ОУЭХА то
оцоолсон байна.
Үүнээс гадна 2023 онд 1.2 тэрбум тонн нүүрс хэрэглэж байсан Энэтхэг улсын эрэлт энэ онд 70 сая тонноор өсөх тооцоотой байна.
ОУЭХА судалгаандаа гангийн үйлдвэрт ашиглагддаг коксжих нүүрсний зах зээлийн төлөвийг мөн багтаажээ. Өнгөрсөн онд нийт арилжаалагдсан нүүрсний 3/4-ийг эрчим хүчний нүүрс, үлдсэнийг нь металлургийн буюу коксжих нүүрс бүрдүүлсэн байна. Харин энэ онд нийт нүүрсний арилжаа 1.5 тэрбум тонноор хэмжигдэхээс коксжих нүүрсний арилжаа 18 сая тонноор өсөж, 368 сая тонн хүрэх төлөвтэй гэж тооцоолжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn 2024.12.19